image

Бялууны үүх түүхийг монголчууд бид зохиосон гэвэл та итгэх үү. Европт бялууны анхны жор гарахаас дөрвөн зууны өмнө XIII зуунд, ХуБилай цэцэн хааны үед монгол дээдсийн зоогийн ширээнд маш амттай, бялууруулсан боов тавьдаг байжээ. Зөөхий, жимс, чихэр тэргүүтнээр амталсан энэ боовыг тухайн үедээ чухам юу гэж нэрлэж байсан нь тодорхойгүй. Харин хожим Билгүүн номч Бямбын Ринчен гуай бялуунд “Хотол бялуу” хэмээх нэр хайрласан байна. Энэ нь баярын ширээнд тавьж, олноороо /хотлоороо/ иддэг, амархан бялуурдаг гэсэн утга санааг агуулсан байдаг.
  Европчууд бялууг Ромын эзэнт улсаас гаралтай гэж үздэг гэнэ. Тэгэхдээ улс бүр өөр өөрийн орны бялууны түүхтэй. Линцийн бялуу л гэхэд Линц хотоос гаралтай, европт бялууны хамгийн анхны жорыг XVII зууны үеэс гаралтай гэж үздэг. 1653 онд Анна Маргарита Саграмоза бялууны дөрвөн төрлийн жор бичиж Адмонтын Штифт архивт хадгалуулжээ.

Захерийн торт
Вена хотын дэлхийд алдартай Захер тортны түүх 1832 онд эхэлжээ. Ноён Меттернихийн ордонд нэг удаа тун хямсгар, хоол голомтгой хэсэг зочид ирэх болжээ. Ноён үүнд санаа зовниж, нүүр улайхааргүй онцгой амттан бэлтгэх даалгаврыг тогооч нартаа өгсөн ба тухайн үеэр ерөнхий тогооч өвчтэй байсан тул 16 настай хоёрдугаар курсийн сурагч Франц Захер хүү арга буюу энэ хүндтэй бөгөөд хэцүүхэн үүргийг хүлээн авсан. Сэргэлэн хүү богино хугацаанд сэтгэж нэгэн амттан хийсэн нь алдарт Захерийн тортны үүсэл байсан. Түүний бялуу зочдын сэтгэлд тун их нийцсэн ч цаг хугацааны эргэлтэнд мартагдсан. Франц Захер /1816-1907/ нарийн боовны курсээ төгсөөд олон хотоор аялан явсны эцэст 1848 онд төрөлх хот Венад буцаж ирээд тансаг амттан, дарс худалдаалах газар нээн ажиллуулсан байна. Тухайн үед ноёны ордонд ажиллаж байсан нарийн боовчин Демел гэгч Захерийн бялууг улам төгөлдөржүүлэн өнөөгийн бидний мэдэх өнгө, амт, хэлбэрт оруулжээ. Ингэж Захерийн торт дэлхийд танигдсан.

Хотель Захер торт
Сүүлд Захерийн удам дээрх шинэ тортыг санаачилсан ба энэхүү нэрийн тортыг жилдээ 300 мянган тонноор үйлдвэрлэдэг. Үүний тулд жилд 1,2 сая өндөг, 80 тонн элсэн чихэр, 70 тонн шоколад, 37 тонн жимсний чанамал, 20 тонн зөөхий, 30 тонн гурил ордог.

Гиннест орсон бялуу
 Шинэ Английн “Мохеган Сан”-д болсон хуримын бялуу дэлхийн хамгийн томд тооцогдож Гиннесийн номонд бичигджээ. 17 фит өндөр, 15,032 фунд жинтэй, долоон давхар энэ бялууг 57 нарийн боовчид хамжилцан бүтээсэн гэнэ. Зүрхэн чимэглэлтэй уг бялууны дээд давхруудыг чимэглэхийн тулд хоёрын зэрэг өргөгч машин ашиглаж байсан гэнэ. Гиннесийн гурван удаагийн рекорд тогтоосон энэ хуримын гоёмсог бялуу “Волксваген Беетлес” маркийн машинаас даруй тав дахин хүнд, 59000 хүн хангалттай хуваан хүртэхээр байсан гэнэ лээ. Бялууны орцонд 10000 фунд нарийн боовны гурил, 4,810 фунд ванилла, алмонд самрын амттай крем орсон аж.

Бид бялууг хэзээнээс амтлах болов
Монголчууд 1970-аад оны үеэс баярын ширээгээ бялуугаар чимэх болсон. Орос ах нарын соёлоор түгэн дэлгэрүүлсэн ба тухайн үед хүнсний будгаар өнгө оруулсан зөөхийгөөр чимэглэсэн бялуу зонхилж байсан. Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон, савангаас өөр зүйл байгаагүй 1990-ээд оны масло олдохгүй байсан үед 1998 онд монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ компани мэндэлсэн нь бялуу, бейкери үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний Жүр Үр ХХК байлаа.
  Харин 2000 он гарснаар манай оронд сүүн крем орж ирсэн нь бялууны шинэ үе байлаа. Зах зээлийн энэ үед шинэ юм гэдэг тун амархан түгэн дэлгэрдэг хойно одоо цагт сүүн кремгүй бялууг эрж олно гэвэл хэцүү биз ээ.